Monday, March 23, 2015

Чи миний зүрхний наран



Баяр гуниг хосолсон хорвоогийн альхан талд нь бид яваа юм бол доо. Энхчимэг өдөр бүр ганцхан түүний л тухай бодсоор байгаад нэг л мэдэхнээ түүний толгойд тэр залуугаас өөр хэн ч, юу ч бодогдохоо больсон байлаа. Шөнө унтхад нүдэнд харагдаж, өдөр болход дэргэд нь байгаа мэт санагдаж, хоол ч идэх хүсэлгүй болж, аргаа барахдаа тэр өөрийгөө галзуурч байгаа юм болов уу хэмээн айх шиг л болно.
Утсанд ирэх дуудлага, зурвасыг өдөр шөнөгүй шалгаж, нэг л их ажилтай хүн шиг интернэт сахиж ганцхан түүнийг л хүлээнэ. Гэвч өөрийг нь бодоод нойр хоолноос гарч байгааг нь тэр залуу мэдэх болов уу? Ингээд бодох лээр харамсалтай ч юм шиг.
Энхчимэг гэнэтхэн утсаа шүүрч аваад дуудлага хийж эхлэв. Удаан гэгч нь дуудаж байсны дараагаар нэг л танил хоолой
-          Байна уу, байна уу? Хэн бэ, залгасан юм бол яриач ээ
Энхчимэг сандарсандаа болоод утсаа салгачихлаа. Би чинь яаж байна аа? Хэнд юу гэж хэлэх гэж залгаж байгаа юм бол гэж бодоод инээд нь ч хүрэх шиг.
Зориг дутсан юм болов уу даа. Үнэн ээ хэлэх хүсэл хичнээн их байсан ч тэр намайг юу гэж хүлээж авах бол, магадгүй өөрийн сэтгэлээ илчиллээ гээд энэ жаахан харилцаагаа үгүй хийчих юм биш байгаа даа хэмээн айж сууна. Ингээд л дахин интернет сахиж түүнийг, тэр залууг түрүүлж зурвас илгээхийг нь хүлээнэ. Уйтгартай, гунигтай, хамаг сэтгэл давчдуулсан, яах ч учираа олохооргүй өдрүүд хөвөрсөөр нэг л мэдэхэд 2 сар өнгөрсөн байлаа.
Өглөө босоод нөгөө л урьдын адил утсандаа ирсэн дуудлага, зурвасыг шалгалаа. Үнэн ээ хэлж чаддаггүй нөгөө үл мэдэгч хүнээс захиа ирсэн байлаа. Цагийг нь хартал өнгөрсөн шөнө 2 цагийн үед. Захиаг нэхэн унштал “маргааш өдөр 14 цагт Marraco-д уулзъя” гэсэн байв.
Энхчимэг орноосоо үсрэх шахам босоод цагаа хартал өдрийн 12 цаг болж байв. Хурдхан гэгч нь ороо хурааж, гадагш гархад өөрийгөө бэлдлээ. 13 цаг 45 минут гэхэд гэрээсээ гарлаа.
Такси бариад явж байхдаа өөртөө ч итгэж чадахгүй байв. Тэр олон жил хүлээсэн хүнтэйгээ ийм амархан уулзчих юм гэж үү хэмээн бодохын зэрэгцээ “хэрэв тэр ирэхгүй бол яана аа” хэмээх айдас ч бас түүнийг дагаж байсан юм.
Замын түгжрэлээс болоод тэр болзсон цагаасаа 10 минут хоцорч ирлээ. Marraco-ийн үүдээр орход цонхон талд, хамгийн захын ширээнд энгийн хэрнээ даруухан хувцасласан нэгэн залуу сууж байв.
Мөн байна, бурхан минь намайг хэн нэгэн чимхээд өгчихдөггүй юм байх даа, энэ зүүд биш байгаа даа хэмээн амандаа үглэж, баярлах гайхах нь давхцан явсаар ширээний хажууд тулаад ирлээ.
-          Сайн уу
-          Сайн
-          Суугаач дээ, чи арай өдөржин наанаа зогсох гээгүй биз дээ
-          Үгүй ээ, яалаа гэж дээ
-          Өнөөдөр гадаа их сайхан дулаахан байна шүү
-          Аргагүй л хавар хүрээд ирчихжээ
-          Чамаар сонин юу байна даа
-          Онцын зүйлгүй ээ, нам тайван
-          Чи яаж миний дугаарыг мэдсэн юм бэ
-          Би чиний дугаарыг хаанаас л бол хаанаас ч олж чадна ш дээ
-          Битгий тоглоом болгоод бай л даа
-          Би угаасаа мэднэ ээ, энд гайхаад байх зүйл ерөөсөө ч алга
Энхчимэгийн зүрх цээжнээсээ гарах шахан цохилж байсан ч тэгэж ихээр удаан хүлээсэн хүнтэйгээ илэн далангүй, нээлттэй ярих ямар нэгэн сэдэв байхгүй байгаад сэтгэл гонсгор суулаа. Гэхдээ түүний нүднээс баярын мишээл өөрийн эрхгүй цацарч байсан юм.
-          Чи яагаад түрүүнээс хойш надруу хараад инээгээд байгаа юм
-          Үгүй ээ зүйгээр л
Энхчимэг ингэж хэлэхдээ харцаа цонхруу шилжүүлээд, би чамайг дэндүү ихээр санасан, ингээд өөдөөс чинь хараад сууж байх юм чинээ огтхон ч бодсонгүй, хэрэв энэ зүүд бол намайг хэзээ ч битгтй сэрээгээрэй хэмээн бурхан тэнгэрээс хичээнгүйлэн гуйж байлаа.
Тэд зоогийн газраас гараад хотын гудмаар хамтдаа алхана. Хаврын дулаахан орой, хотын хөл хөдөлгөөн намжсан, яг л тэдний хайрын болзоонд зориулсан мэт хамгийн сайхан орой байв.
Тэд хамтдаа гадуур зугаалж, тоглоомын газар тоглож, тэр ч бүү хэл шар айрагны газар хундага дарсны амтыг хамтдаа амтлав. Энэ бол бүсгүйн хувьд жинхэнэ мөрөөдөл нь биелэж байгаа мэт санагдсан бөгөөд энэ үдшийг хэзээ ч дуусгамааргүй санагдаж, цаг хугацааг энд нь л ингээд зогсоочихмоор санагдаж байлаа. Тэд хамтдаа явсаар байгаад цаг ч орой болж, Энхчимэгийн гэрийн гадаа хэдийнэ ирсэн байв. Энхчимэг итгэлгүй хоолойгоор
-          Чи эртхэн харь даа, оройтвол унаагүй болчихно
Тэр ингэж хэлэхдээ битгий яваач гэж гуйсан харцаар залуу руу ширтэн зогсож байв
Залуу: би өнөөдөр орой найзынхаа гэрийг сахиж хононо. Эсвэл чи надтай хамт явах юм уу.
Энхчимэг хэдийгээр түүнийг дагаад хамт явахыг хэнээс ч илүүгээр хүсч байсан ч гэлээ эмэгтэй хүний бардам зангаар, мөн өөрийгөө түүнд буруугаар ойлгуулахгүйн тулд энэхүү саналаас эвтэйхэн гэгч нь татгалзаж чадсан юм.
Энэ явдлаас хойш долоо хоног өнгөрхөд нөгөө залуугаас ямар ч дуудалага, ямар ч зурвас ирсэнгүй. Энхчимэг энэ хооронд хайртынхаа саналаас татгалзсандаа өөрийгөө хэдэн мянган удаа буруутгаж, хамгийн эхний болоод сүүлчийн хүсэлтийг нь өөрийн гараар үгүй хийсэн мэт санагдаж байлаа. Шөнө дунд 12 цаг.  Энхчимэг хэдийнэ орондоо ороод бараг л унтаж байтал түүний утас нь дуугараад сэрээчихэв. Тэрээр утсаа авхад нөгөө танил хоолой утасны цаанаас дуугарч түүнийг нойрыг юу ч үгүй хийсгэн одов.
Байна уу
Байна, чи юу хийж байна
Унтах гээд л харин чи
Би танай байрны гадаа ирчихсэн байна. Чи гараад ирж чадах уу
Одоо, ийм орой юу
Чи гэртээ байхгүй байгаа юм уу
Үгүй л дээ, түр хүлээж байгаарай, би гараад очъё
Энхчимэг хамаг хурдаараа хувцсаа өмсөөд орцныхоо үүдэнд гартал тэнд хэн ч байсангүй. Эргэн тойрон хартал хэн ч харагдаагүй тул түүнийг өөрөөр даажигнаж дээ хэмээн бодоод орцондоо орох гэтэл тоглоомын талбай дээрээ Энхчимэг ээ... гэж хэн нэгэн дуудах шиг болов.
Эргээд хартал хайртай хархүү нь зогсож байв. Энхичмэг ихэд баярласан сэтгэлээ нууж ядан түүн дээр очиход тэвэр дүүрэн улаан сарнай гарт нь атгуулав. Жинхэнэ гэнэтийн бэлэг гэдэг л энэ байх даа хэмээн ихэд баярлаж, түүнийг чанга гэгч нь тэврэв.
Тэр үдэш тэд өөрсөдийн сэтгэлээ хоёр биендээ нээж, олон жил хүлээлэгсэн хайраа тэнд л үлдээсэн юм.



-          THE END -