Wednesday, November 30, 2016

-

Би бүгдийг тэвчсэн
Яг л бүтнэ гэж итгэсэн
Би нэг замаараа дахин явахыг хүсээгүй
Урьд урьдынхаас илүү тэвчсэн
Гэвч
Бурхан надаар даажганасан
Буруу харсан хаалганд орохыг санал болгосон
Буцаж ирэхгүй нэгнийг илгээсэн
Надаас бусад нь түүнд хамааралтай байсан
Би дахиж унахыг хүсээгүй
Би буруу харж дахин мэгшхийг хүсээгүй
Зүгээр л
Бусдын адил амьдрахыг хүссэн
Хэн нэгэнд хайрлагдахыг хүссэн
Тэнгэр хүнд дааж чадах ачааг нь үрүүлдэг юм гэсэн
Магад би хэн хүнээс илүү чадалтай бололтой
Маргаангүй үнэн нь одоо надад
Юу ч мэдрэгдэхгүй байна

Sunday, November 27, 2016

хэнийг хайгаа юм бол

Юу нэхээ юм бол энэ зүрх надаас
Харанхуй шөнөөр хаалга чагнаад л
Халаасалж явсан чихрээ хэн нэгэнд хадгалаад л
Үүрийн жингээр цочин сэрж хайгаад л
Хэнийг хүлээгээ юм бол энэ сэтгэл
Утасны дуудлаганд цочиж
Үеийн залуусаас дөлж зугтаан
Хоолоо хөртөл санаашран суусаар
Хэнийг хүлээгээ юм бол энэ зүрх
Хэн нэгэн байдагдаа гэж
Хэлж чадахгүй хэрнээ
Ороод ирэх юм шиг санасаар
Орон дээрээ л хөрвөөх юм
Том том санаа алдаад л
Гудмаар нэг хараагаа бэлчээгээд л
Хажуугаар зөрсөн нэгнийг эргэн эргэн харсаар
Хэнийг хайгаа юм бол энэ бие
Зөрөөд өнгөрсөн нэгнийг
Ханхалсан үнэрээр нь сонжоод л
Зүгээр явж байгаа нэгнийг
Араас нь гүйцэж хараад л
Зүйдэлгүй хэлхсэн шүлгээ
Дахин дахин уншсаар
энэ зүрх сэтгэл надаас

хэнийг нэхээ юм бол...

Friday, November 25, 2016

Зарлал

нөхөр хайж байна
нэг насны минь хань болох
нэг л өдөр урваад явчихгүй
үнэн сэтгэлээсээ намайг хайрлах
үнэнч нөхөр хайж байна
хорвоо их худалч юм аа
та нар ч их итгэлгүй юм
сүсэг бишрэл ч гэнэ үү
сүртэй шалтаг тоочоод явчих юм
хайр их сохор юм
харанхуйд төөрчилгүй алхдаг ч
нэг уруугаа өнхөрхөөрөө
тултал нь гишгэж онхолдох юм
нөхөр хайж байна
намайг хайрлаж чадах
нүнжигтэй Монгол эрийг хайж байна..

Thursday, November 24, 2016

-

Дулаахан байсан уу миний өвөр
Дурлалдаа шатаж байна гэж бодож байлаа би чамайг
Зөөлөн байсан уу миний энгэр
Зүүдэндээ умбайж байна гэж бодож байлаа би чамайг
Босоод явахдаа юу бодсоныг чинь
Тааж би мэдсэнгүй ээ
Буруу хараад зогсход чинь
Сэтгэл чинь хоосон байсныг анзаарсангүй ээ
Тоглоход амархан байсан уу би чамд
Тамхилж суухдаа инээд чинь хүрсэн үү
Танхил зангаараа чамд эрхэлхэд
Төвөгтэй санагдсан уу миний авир
Эртхэн үнэнээ хэлэхгүй дээ чи
Эргэж гуйхгүй явж чадах л байсан
Одооч гэсэн холдож чадна аа
Огтхон ч нулимсаа үзүүлэхгүй ээ

Friday, November 18, 2016

би

багын найз минь дэргэд үгүй ч
бадагхан шүлгэндээ цадаж явлаа би
зүрхний тэр минь дэргэд үгүй ч
зүйдлэн хэлхсэн мөртдөө дурлаж явлаа би
оройн сэрүүнд ганцаар алхдаг ч
олон шүлгээрээ хань хийж сууна би
очих газар нэгэнт үгүй ч
онгод юугаараа аялаж явна би
тэврээд угтах нэгэн байхгүй ч
тэрлэсэн мөртдөө эрхэлж сууна би
үнсээд аргадах чи минь үгүй ч
үгний үнэнд нялхарч явна би

-

Талын салхинд
Хүлгийн зоон дээр дэрвэж өссөн
танхил бага насандаа
хэрсүү ухаанд хөтлөгпсөн
аавын сургаалийг
алхам бүрт санаж явдаг
хатуу бүхнийг ялан дийлэгч
чи монгол эр хүн
гүндүүгүй уужим чиний араншинд
гуниггүй сэтгэл минь
өөрөө сөхөрсөн юм
холын ухаантай чиний бодлыг
гуравхан үг минь
өөрөө аргаддаг юм

Бүсгүй

бүсгүй хүн их өрөвдөлтэй
бусдыг харж амьдардаг
эрчүүд та нар минь ухаантай байгаарай
урваж түүнийгээ бүү зовоогоорой
эмэгтэй хүн их амархан
эргэж очихгүй дээ гэж бодсон хэрнээ л
сэтгэлээ дагаад хүрээд ирдэг
сэмхэн түүнийгээ бүү хуураарай эрчүүд минь
хэдий чамд гомдож уурласан ч
хэлүүлэлгүй ойлгосон зүйл олон бий шүү
хөнгөмсөг чамайг гараас чинь бариагүй нь
ойлгоод ирнэ гэж найдсаных юм шүү
талын салхи шиг дураараа яв залуу минь
танхил түүнийгээ бүү мартаарай
тааруухан нэгнээр энгэрээ дулаацуулж
жаахан түүнийгээ бүү гомдоогоорой

Wednesday, November 16, 2016

Үнэхээр болохгүй гэж үү

гарт баригдахгүй ч
сэтгэлд тэмтрэгдэх
нүдэнд харагдахгүй ч
зүүдэнд үзэгдэх чиний сэтгэл
худал хуурмагийн мананд
одоо намайг бүү төөрүүл
хулчийж зугтахаасаа өмнө
үнэнээ хэлж болдогүй юм уу
би чамд итгэе
яг л жаахан хүүхэд шиг
би чамд үнэнч байя
үүрдийн үүрд дэлгэрэх цагаан уул цэцэг шиг
яагаад би ийм хүйтнийг мэдэрдэг юм бол
яагаад чи ийм
хөндий болчихсон юм
өмнөх шигээ эрхэлж болохгүй юм уу
өөрийнхөө үнэн учираа одоо хэлж болохгүй юм уу

Sunday, November 13, 2016

намайг ав

бичсэн шүлэгтэй минь хардвал
би явдалтай нэгэн байж магад
биелэшгүй хүслийг минь харвал
би шуналтай нэгэн байж мэднэ
бүтэн биеийг минь өмчилбөл
би ганцхан чинийх л байж чадна
бусдын амнаас сонсвол
би харин хэн ч биш болж хувирна
энд би амьдралаа тоочдоггүй
эргэж хараад амрагаасаа уравдаггүй
энд би эгэл даруухнаар амьдардаг
эцсийн зогсоол дээр ганцхан чамайг л хүлээдэг
хэтрүүлэгтэй өчвөл би арай дэндүү үнэнч
хэн нэгэнд хэлээгүй л болохоос хэзээ ч унтрахгүй оч
үнэнээ хэлбэл би арай дэндүү бардам
үргэлжид цухалзах энэ авир их зан харин биш
тархинд минь ургах бодлыг
хүсвэл чи захирч чадна
таахын аргагүй энэ тоглоомонд
хожлыг би чамд өгч чадна
үнэнээ хэлбэл би чамд өөрийгөө тушаая
үүрдийн үүрд дэргэд минь үдлэж
үнэнчээр дуусна гэвэл
одоо л намайг бүх зүйлтэй минь ав