Monday, April 29, 2013

"..."

ганцхан чамайг чимээгүйхэн хайрласан
сэтгэлийг минь уучилж
нулимсыг минь арчаач
ганцхан чамд л өгсөн
зүрхийг минь уучилж
гараас минь атгаач


нулимс, инээд хосолж байдаг нь
хорвоо юм
хайр гуниг сүлэлдэж байдаг нь
амьдрал юм
алдаа оноо дэнсэлж байдаг нь
тавилан юм

чи үнэн хэлж
чимээгүй амьдарсан минь олз болж
...би одоо амьсгалж байна


гоо үзэсгэлэн гундаж
голын уснаа навч хөвнө
орчлон дээр бие үгүй болход
оюун санаа л гагцхүү
зүрх болж үлднэ...

Monday, April 22, 2013

дурласан байж

бороо орж байсан
бас цасан бударч эхэлсэн
энэ намар цаг
чи минь миний дэргэд
үүрд байх юм шиг санаж байсан
гэвч
цаг хугацаа хэдийнэ өнгөрч
одоо чи энд алга
чи биш би чамаас холдож
гэсэн ч
миний хайр хөрөөгүй ээ
энэ бол хувь тавилан
чи биш би чамд
дурласан байж...

***

тодоос тод харагддаг байсан
 чиний дүр
чангаас чанга сонсогддог байсан
чиний дуу хоолой
одоо хаашаа ч юм явчихсан
би санахгүй байна
би айж байна
би чамайг мартахыг хүсэхгүй байна
харагдахгүй байна
чи миний дэргэд байхгүй байна.

санасан...

хайрын шүлэг ахин бичмээр
хаврын сайхан нэгэн өглөө
хонгор чамтайгаа уулзна гэж
хэзээ ч би зүүдэлсэнгүй
санасан шүү хайрт минь, санасан
салхи исэргээж
сэтгэл үймрүүлж
чамайгаа би санасан
ахиад нэг уулзах юм бол
хичнээн их хайртайгаа
чамдаа би хэлнэ гэж
өдөр бүр боддог байсан...

Monday, April 15, 2013

***

гунигийн шүлэг дахин бичихгүйг хүснэ
бас хичэнэ
гэвч чи хэзээ ч намайг чөлөөлөхгүй юм

***********************************

би түүнийгээ бусдаас харамлаж хайрладаг
үргээд нисчихвий гэж сэм сэмхэн хайрладаг
би түүнийгээ аргадан байж хайрладаг
сиймхэн тэнгэрийн үүл шиг
нүүгээд явчихвий гэж нууцхан хайрладаг

***********************************

надад амьсгалах агаар хэрэгтэй байна
тэр бол ганцхан чи

***********************************

би тэнд
чиний дэргэд
зүрхээ орхичихоод ирсэн...
одоо би даарч байна

Friday, April 12, 2013

би хэн юм бэ?

би хэн юм бэ, би хэн юм бэ? энэ асуултыг би өөртөө өдөр болгон тавьдаг. гэхдээ хэзээ ч хариултыг нь олж чадаагүй. учир нь би өөрийгөө одоо хэр нь таниагүй, таньсан ч баталж чадаагүй. онол хэзээ нэгэн цагт батлагдах ёстой байдаг. хэн нэгний өмнө хийж чадах зүйл хомс ч, өөр хэн нэгний өмнө бүгдийг чаддаг нэгэн. Би бол амьдралын гол дүр. Амьдрал бол жүжиг, би өөрийн эргэн тойронд болж байгаа, болох гэж байгаа бүхий л зүйлсийн утга учирыг мэддэг байх хэрэгтэй. учир нь би гол дүр. гэхдээ хэн нэгэн надаас нүүр буруулж холдохыг би тэвчихгүй. учир нь би бусдыг гомдоохыг хүсдэггүй, тиймдээ ч бүх зүйлийн бурууг зөвхөн өөр дээрээ хүлээдэг, хүлээсээр ч ирсэн. тэнэг ч юм шиг. нэг талаараа надад хохиролтой ч хүний итгэл гэдэг энэ хорвоогийн хамгийн үнэтэй зүйл гэж би ойлгодог. Тиймдээ ч бусдын итгэлийг алдахыг хүсдэггүй болохоор өөрийн хийгээгүй хэргийн төлөө зэмлэл хүртдэг байх...
хүмүүс намайг өгөөмөр, сайхан сэтгэлтэй нэгэн гэж боддог. харин нэг хэсэг хүмүүс намайг ааш муутай хүн гэж ойлгодог. миний баримталдаг гол зарчимын нэг бол хүн надад яаж хандна би түүнтэй яг л тэгэж харьцах болно.
хөндлөнгөөс нь хархад амьдралын ямар ч зорилгогүй нэгэн байж болох ч үнэндээ миний амьдрал эхлэлээсээ төгсгөл хүртлээ аль хэдийн төлөвлөгөөнд орчихсон байсан. Хүний амьдрал дардан байдаггүй гэдэгт би итгэдэг боловч дардан байлгахыг хичээсээр ирсэн. гэхдээ өнөөдрийг хүртэл би зовлон туулсаар ирсэн гэвэл үнэхээр хал үзсэн хүмүүсийн хажууд худал болох нь дамжиггүй.
хүний амьдралыг хайр дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь хайр сэтгэл бол хүний амьдралын нэгээхэн хэсэг байхаас илүүтгэйгээр хүний амьдралын утга учир байсаар ирсэн. гэхдээ би өөрт ирсэн хайрыг атгаад үлдэхээс илүүтэйгээр тавиад явуулсан гэхэд болно. Учир нь би түүнд хайртай. Тэр хүний жаргал миний жаргал байх болно. гэхдээ энэ өөрийн хайраа хамгаалж үлдэж чадаагүй азгүй нэгний өөрийгөө зөвтгөх үг шиг сонсогдох авч би сонголтоо зөв хийсэн гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй.
энэ бол би хэдхэн үгэнд багтааж хэлхэд энэ. гэхдээ хүн гэдэг өөрөө тайлагдашгүй оньсого мэт агуу том ертөнц гэдгийг та бид бүгдээрээ мэднэ...

Thursday, April 11, 2013

Умрадын дуудлага

атга дүнсэн тамхи
арын хаалгаар
арай хийж олдно
үхсэн мэт дуугаа хурааж
бусдын хэрхэн авирлахыг
чимээгүй харж сууна
өөрт ноогдсон ялыг
дуугүй эдэлж
хэнд ч ямар ч өшөө санахгүй
ганц л дуугарвал
бууны иш толгойд бууж
бүр цаашилбал
харуулын сум тархинд зоогдно
энэ бол Умардын дуудлага
өдөр болгон хүнд ажил хийж
өглөө бүр буларсан биетэй сэрнэ
энэ бүгдээс зугтахдаа
эмч бүсгүйд найр тавьна
бусдын халаасыг ухаж
будилж олсон хэдэн рублийг
эмчийн гарт чимээгүй атгуулхад
дор хаяж долоо хоногийн чөлөөг
төвөггүйхэн гаргуулж дөнгөнө
энэ бүгд хулгайч
энэ бүгд баашлагч
шоронгийн хатуу дарлал
хүйтэн, амтгүй шөл
өглөө бүр буларсан бие
өдөр бүр харуулын буун дуу
энэ бол Умардын дуудлага

Saturday, April 6, 2013

чамд өгье

ангир цээжиндээ ганцхан чамайг тэвэрье
атгах гаранд чинь бүтэн биеэрээ дулаацья
хайр хүсэж чамдээр би очьё
халамж өвөртөлж дэргэд чинь би хажуулья
энэ л шөнө
охин биеэ чамд өгье
үүнээс хойш
ганцхан чамайг л хайрлая
ангир цээжиндээ ганцхан чамайг тэвэрье
атгах гаранд чинь бүтэн биеэрээ дулаацья
хайр хүсэж чамдээр би очьё
халамж өвөртөлж дэргэд чинь би хажуулья

итгэчихэж

сэм сэмхэн мэгшиж уйлаад л
гэнэ гэнэхэн гэтэж алхлаад л
би өөрийгөө энэ орчилонгийнх бус гэдэгт
дэндүү ихээр итгэчихэж
нүцгэн сарнайн дэлбээг
нэг нэгээр нь тасалж
нүүгэлдсэн энэ орчилонд
жаргал байхгүй гэдэгт итгэчихэж
цагаан өнгийн хувцас өмсөөд
чимээгүй ганцаар алхахдаа
надруу харсан хүн бүрийн
юу бодож буйг үл таана
би өөрийгөө энэ орчилонгийх бус гэдэгт
дэндүү ихээр итгэчихэж
миний амьдралын зам
олон салаа уулзвартай
тэр олон зөрлөгийн нэгэнд
ганцхан чи л зогсож байсан
гэхдээ би тэр замаар
хэдийнэ яваад өнгөрчихсөн
цаашид үргэлжилэх миний зам
чиний амьдралтай дахин огтлолцвол
би хэзээ ч түүгээр өнгөрч одохгүй
яг л тэндээ
ганцхан чамтай
үүрд үлдэх болно

Wednesday, April 3, 2013

гэнэ гэнэхэн санаа алдсан минь
чамайг санасаных
гэрэвшиж ирээд зүггүйтсэн минь ч
чамайг санасаных...

хайртай байдаг юм

хэзээ ч хамаагүй
нисээд явчихдаг болохоор чинь
Би чамд хайртай байдаг юм
хэзээ ч намайг
хайрлахгүйг чинь
мэддэг болохоор
бусдаас илүү хайрладаг юм
би чамайг
хэзээ ч чамд үнсүүлж чадахгүйгээ
хэзээ ч чамд хайрлуулж чадахгүйгээ
хэн хүнээс илүү мэддэг болохоор
өөрөөсөө илүү хайртай байдаг юм би чамд
чи бол
хэнд ч баригдамгүй омголон зантай
хэнээс ч илүү бардам сэтгэлтэй нэгэн

Tuesday, April 2, 2013

хайрлаад л баймаар...

хайрлаад л баймаар
хэнд ч өгөхгүй гэж
дэргэдээ суулгачихаад
хэзээ ч явуулахгзй гэж
хажуудаа уячихаад
хайрлаад л баймаар
чи тийм л сайхан
чи тийм л ялдам
чи тийм л энхрий
хэн хүнээс харамлаж
хэн бүхнээс нууцхан хайрласан
миний амраг
хайрлаад л баймаар
хэнд ч өгөхгүй гэж
дэргэдээ суулгачихаад
хэзээ ч явуулахгүй гэж
хажуудаа уячихаад
хайрлаад л баймаар