Tuesday, September 27, 2016

-

Нэг л сэтгэлд үлдсэн эрдэнэ
Нэг л өдөр ирсэн жаргал
Энэ насанд минь оноосон тавилан
Энэрэх л гэж учирсан амраг
Жаргал минь билээ чи миний
Жиндүү шөнийн тайтгарал минь билээ
Гуниг минь билээ чи миний
Гэзгээ сул асагасан шалтгаан минь билээ
Хаа холоос чамайг би санадаг
Харагдахгүй байсан ч зүрхэнд ойрхон байдаг
Чанадын чанадаас чамайг би хүлээдэг
Чимээгүй байсан ч чихэнд минь сонсогддог
Чи миний тайтгарал билээ
Чи миний гуниг минь билээ
Чи миний хүсэл минь билээ
Чамдаа би хайргүй байхын аргагүй билээ

Бөгж

Буудлын өрөөнд дэнгийн гэрэл асаалттай
Буруу харсан ширээн дээр түүний бөгж
Эндүү ташаа ойлгосондоо хэдий ихээр харамсавч
Эргээд алхах газар одоо нэгэнт хаагдсан
Орон дээгүүр шидэлсэн хувцас
Одоо надаас ам асуу
Хэний гэрийг сүйдэлснийг минь
Хэлтгий заяа минь өгүүлэх
Бусдын бэлзгийг хөсөр орхиж
Өөрийн гэрийг авч үлдээгүй
Шунаг хүслээ чанадлан дарж
Бурхан шиг нэгнээ хажуудаа аргамжаагүй
Энэ миний ялын тогтоол
Хүйтэн, хангинасан бөгж
Одоо чи надаас ам асуу
Хүний хүнд толгой алдсан
Мунхаг намайг дураараа зэмлэ
Ганцхан чамд үнэнч байна гэж
Ган тулганд өргөсөн тэр андгайг
Ганцхан удаа умартсаны минь төлөө
Ган царгираг чи надаас ял асуу
Бүх эрх нь ганцхан чамд байна
Бүтэн заяаг минь ганцхан чи мэдтүгэй
Буруутгаж номлох хүч нь чамд байна
Бусдын адил орхих эсхээ ганцхан чи л шийдтүгэй
Ган цагираг чи надаас ял асуу
Гашуун усанд толгой мэдүүлсэн
Гуйлгачин тавилантай эрийг
Яллах эрхийг ганцхан чамд л би өгье
Хангинасан цагираг чи надаас ял асуу
Хоёр гэрийг эмхлэн байгуулж
Хойчдоо сайхан амьдарна гэж итгэсэн
Хүний хүүхдийг жаргаана гэж авч суучихаад
Ганцхан өөртөө “жаргал” бэлэглэсэн
Ухаангүй, урагшгүй толгой надаас
Чи ял асуу

Saturday, September 24, 2016

мэдэхгүй ээ


Хилэнт түрлэг гэж ирээд л
хүнийрхүү знгаар тайлбар хийх
хэзээ эхэлснийг нь мэдээгүй тэр хормыг
хэдийд ч бид араас нь гүйцэхгүй
хоёр замын уулзвар дээр
хэн хэнтэйгээ таарсан ч
тэр л нэг хачин мэдрэмж
одоо хэр нь намайг дагасаар
мэдэхгүй ээ би юу ч мэдэхгүй
магад өөрийнхөө сэтгэлийг ч мэдэхгүй
санахгүй ээ би юу ч санахгүй
сэтгэл хэдийд гэгэлзсэнийг ч санахгүй

Friday, September 23, 2016

Итгэсээр байгаа

Хүлээсээр л байгаа тэр өдөр хоногийг
Би итгэсээр л яваа ганцхан минийх гэдэгт
Хэзээ ч бууж өгөхгүй ээ энэ сорилтод
Даагаад л амьдрах болно энэ бүх ачааг
Хайрласан хэвээрээ л үлднэ
Хойд насандаа
Харамлах итгэлээ хэнд ч алдахгүй
Чин үнэн нь л энэ
Өөрийгөө ганцхан чиийх гэдэгт
Итгэсээр л байгаа
Өнөөдөр ч чамтай таарах боломж бий гэдгийг
Хүлээсээр л байгаа
Шантрахгүй ээ миний зүрх
Энэ бүх сорилтоос
Шаналахгүй ээ миний сэтгэл
Чамайг ганцхан хайрласандаа
Би итгэдэг
Чамайг надад үнэнч гэдэгт
Би хүлээдэг
Чамтайгаа уузах ганцхан тэр өдрийг


Thursday, September 22, 2016

-

Сар хүртэл чамайг минь хүлээдэг
Сайхан бүсгүйчүүд чамд минь нүд алддаг
Салхины сэвшээ чамтай минь эрхэлдэг ч
Сэтгэлийн чинь гүнд ганцхан би л байдаг
Би азтай бүсгүй
Одод хүртэл чамайг минь ширтдэг
Огторгуй тэр чигтээ чиний минь энгэрт эрхэлхийг хүсдэг
Орчлон ертөнц ганцхан чамруу л тэмүүлдэг ч
Орой бүр чи ганцхан миний л дэргэд ирдэг
Би азтай бүсгүй
Бусдын хайрыг энгрэтээ тэвэрсэн
Бурханы бүтээлээр өөрийгөө чимсэн
Булиглах зүрхээ ганцхан чамд л алдсан
Буурал орчлонг ганцхан чамтай л хамт туулах
Би азтай бүсгүй
Чиний минь төрхийг хараад
Хүүхнүүд хөл алддаг
Чиний минь хайрыг шүтэхдээ
Бурхад өөрсдийгөө чамладаг
Чиний минь амьдралд тэмүүлэх тэр их хүчийг мэдрэхдээ
Дэлхий эргэхээ мартдаг ч
Чинийхээ чин үнэн сэтгэлийг бишрэхдээ
Ганцхан би л зүрхээ алдчихдаг

Tuesday, September 13, 2016

***

Элсний тасархайгаар цэцэг хийж урласан
Эрээн даавуугаар даашинз хийж өмссөн 
Энэ миний хүүхэд нас аа
Эгэмнийхээ хонхорхойг шүрээр гоёж
Энд тэндхийн газар инээдээрээ цалгиж гүйсэн
Энэ миний өсвөр нас аа
Ээжийнхээ гараас хөтөлснөө алдуурч
Энгэрийн туузаа газарт унаган байж
Эр хүн чамд л ганцхан итгэсэн
Энэ миний залуу нас аа
Ээж гэх эрхэм алдрыг хүртэж
Энгэртээ бурхны бүтээлийг тэвэрсэн
Эргэх хорвоод түших баганаа олсон
Энэ миний идэр нас аа
Аягатай цайгаа амтлан оочилж
Арын хангайдаа ирнэ дээ гэж санаа алдаж
Насны ганцтайгаа хамтдаа өнгөрүүлсэн
Энэ миний өтөл нас аа

xэн бэ чи

Сийрсэн малгай толгой дээрээ тавьчихаад
Сэтгэлээ уудлаад ярьдаггүй хэрнээ
Сэрийсэн алчуур энгэртээ зүүчихээд
Сэтгэлрүү минь өнгийж харах хэн бэ чи
Бусдаар заалгадаг нь би биш
Бусдад бөхөлздөг нь ч би биш
Тийм ээ би бардам зантай
Арай л дэндүү их зантай
Уурыг минь бараад байлгүй
Одоо чи эндээс тонилж үз
Урмыг минь нэг мөр хугалахаасаа өмнө
Очих газарруугаа арилж үз
Эрчүүд та нараар би дутав л гэж
Эргээд ирхэд чинь харин ч тоохгүй шүү
Өөрийгөө нэг сүрхий амьтан гэж бодоод
Өөдөөс минь данхалзаад байвал чинь
Өшиглөөд явуулчихаж харин ч нэг чадах байх шүү

-

Яагаад ч юм
Яг л тэр намрыг үгүйлээд байх юм
Арван жилийн сурагч байхдаа
цонхны цаана харагдах 
шаргал моддод би дурлачихсан
тэгээд л жил жилийн намар
яг тэр л мөчийг дэндүү их санадаг
би ганцхан тэнд л хайрын сайхныг мэдэрч
би ганцхан тэндээс л
цээж дүүрэн амьсгалыг авдагсан
дахиад ганцхан удаа
яг тэр л газраа суугаад
цонхоор харагдах шаргал моддод зориулж
хайрын шүлэг бичихсэн
дахиад ганцхан удаа
яг тэр л намарт очоод
хэнд ч дурлаагүй гэнэн, бүтэн зүрхээр
хайрын захиадал бичиж суухсан
дахиад ганцхан удаа
намрын тэр сайхныг мэдэрч
шаргал навчны эхүүн үнэрийг
цээж дүүрэн амьсгалахсан
дахиад ганцхан удаа...

Tuesday, September 6, 2016

***

дахиж би хорин насандаа очоод
дурлалын захидал бичиж
дуугүйхэн нэгнийг хүлээхгүй
дахиж би өндөр өсгийт өмсөөд
айлын хөвгүүдтэй зугаалж
дурлалын жүжигт тоглохгүй
дахин би хорин насандаа эргэж очихгүй ээ
дараа нь яадаг юм гэж
хэнэггүй гэгч нь алхахгүй
дагаад намайг ирэх л юм чинь гэж
бардам зангаа бусдад гаргахгүй
дахиж би хорин насандаа эргэж очихгүй ээ
заяаны хань зам дээр байдаг гэж
хэнэггүй гэгч нь явахгүй
дахиад нэгэнтэй нь учирна л биз гэж
азын шоогоор амьдралаа дэнслэхгүй
бусдад өгсөн итгэл минь нурсан ч
дахиад шинээр эхэлнэ дээ гэж зориглож чадахгүй
дахиж би хорин насандаа эргэж ирэхгүй ээ