Tuesday, September 27, 2016

Бөгж

Буудлын өрөөнд дэнгийн гэрэл асаалттай
Буруу харсан ширээн дээр түүний бөгж
Эндүү ташаа ойлгосондоо хэдий ихээр харамсавч
Эргээд алхах газар одоо нэгэнт хаагдсан
Орон дээгүүр шидэлсэн хувцас
Одоо надаас ам асуу
Хэний гэрийг сүйдэлснийг минь
Хэлтгий заяа минь өгүүлэх
Бусдын бэлзгийг хөсөр орхиж
Өөрийн гэрийг авч үлдээгүй
Шунаг хүслээ чанадлан дарж
Бурхан шиг нэгнээ хажуудаа аргамжаагүй
Энэ миний ялын тогтоол
Хүйтэн, хангинасан бөгж
Одоо чи надаас ам асуу
Хүний хүнд толгой алдсан
Мунхаг намайг дураараа зэмлэ
Ганцхан чамд үнэнч байна гэж
Ган тулганд өргөсөн тэр андгайг
Ганцхан удаа умартсаны минь төлөө
Ган царгираг чи надаас ял асуу
Бүх эрх нь ганцхан чамд байна
Бүтэн заяаг минь ганцхан чи мэдтүгэй
Буруутгаж номлох хүч нь чамд байна
Бусдын адил орхих эсхээ ганцхан чи л шийдтүгэй
Ган цагираг чи надаас ял асуу
Гашуун усанд толгой мэдүүлсэн
Гуйлгачин тавилантай эрийг
Яллах эрхийг ганцхан чамд л би өгье
Хангинасан цагираг чи надаас ял асуу
Хоёр гэрийг эмхлэн байгуулж
Хойчдоо сайхан амьдарна гэж итгэсэн
Хүний хүүхдийг жаргаана гэж авч суучихаад
Ганцхан өөртөө “жаргал” бэлэглэсэн
Ухаангүй, урагшгүй толгой надаас
Чи ял асуу

No comments:

Post a Comment