Monday, October 19, 2015

тэр жилийн намар

тэр жилийн намар
дэвтэр дүүрэн шүлэг бичиж билээ
чамайгаа гэсэн ганцхан хүслээр
шуудан дүүрэн захиа бичсэн санагдна
тэр жилийн намар
хээрийн шувуудад дайгдаад
чамдаа очихыг хүссэн ч
тэр жилийн намар
дэндүү эрт цасан хаялаад
дээвэр юунаасаа холдож би чадаагүй ээ
тэр жилийн намар

Wednesday, October 14, 2015

ганцхан өөртөө л...

яг л надад зориулсан юм шиг
тийм сайхан хайрыг
хичнээн жил хүлээж байгааг минь
бурхан та мэдэх үү
ганцхан намайг л гээд
зориод ирсэн чамайгаа
хичнээн их хайрладагийг
хонгор чи минь мэдэх үү
залуу насны бардам зангаар
жаахан чамдаа туньсан ч
үүрд орхин одох сэтгэл
огтоос надад байгаагүй юм шүү
үлгэрт л ганцхан гардаг шиг
тийм агуу хайрыг
хичнээн удаа мөрөөдөж байсныг минь
бурхан та мэдэх үү
хайртай түүндээ тэврүүлээд
хамгийн жаргалтай бүсгүй байхыг хүссэн ч
хэний ч өмнө хэлж чадаагүй тэр л хайраа
үүрд би өөртөө л ганцхан авч үлдсэн

Sunday, October 11, 2015

Намар бид хоёр...

Намар үнэхээр сайхан улирал шүү. Хэн нэгэн хүнд хайрын захиа бичмээр ч юм шиг, хаа нэг газар шаргал навчсаар дүүрэн моддын дунд бодолд дарагдан суумаар ч юм шиг, хэзээ ирэх нь үл мэдэгдэх хэн нэгэн хүнийг санаж том том санаа алдмаар ч юм шиг. Магадгүй энэ бүхнийг хүмүүс намрын "синдром" гэдэг байх л даа. Намрыг би их удаан хүлээсэн. Яг л энэ мэдрэмжийг мэдрэх гэж. Гэхдээ намар надаас их хурдан явдаг. Ирэх жил хүртэл дахиад л хүлээнэ. Харин тэрнээс нь урьтаж тэр л сайхан мэдрэмжийг цээж дүүрэн амталхыг би хүснэ. Өмнөх жилүүдэд би намрын саруудад дэндүү их завгүй байсан болоод ч тэр үү хэрхэн өнгөрсөн, энэ сайхан мэдрэмжийг хэрхэн хүлээн авч байснаа тийм ч тод санахгүй л байна. Харин арван жилийн сурагч байхдаа л намрыг жинхэнэ өөрийн биеэр "мэдэрдэг" байснаа тодхон санана. 
Халиурсан  шаргал тал, моддын шаралсан навчны эхүүн үнэр, нарны илч бүлээн хэрнээ сэржигнэсэн салхитай өдөр.... Аргагүй энэ бүхэнд л намрын тэр сайхан бүхэн байдаг гэдэгт би итгэдэг. Хэн нэгнийг санаж, хэн нэгнийг мөрөөдөж, хайрын шүлэг тэрлэж суух одоо надад утгагаүй мэт санагдна. Учир нь надад санаад, үгүйлээд байх өөр хэн нэгэн одоохондоо алга. Би чинь жинэхэн утгаараа "эрх чөлөөт" бүсгүй шүү дээ. Намраас өөр дурласан, хайрлаж яваа "сайхан залуу" одоо надад алга даа.
Намрыг хүмүүс цаанаа л уйтгартай гэдэг. Харин би тэгэж бодохгүй байна. Ийм сайхан хурц шар өнгө, хацрыг минь зөөлөн илбэх хонгор салхи. Энэ бүхэн дэргэд минь яалтачгүй хэн нэгэн ирсэн гэдгийг хэлээд ч байх шиг. Энд би яагаад ганцаардаж, уйтгарлана гэж.
Гэртээ ганцаараа байгаа бол гадаа гарч "намар" найзтайгаа хамт зугаалж болно шүү дээ. Би яалтачгүй, яах ч аргагүй "намар"-д дэндүү их хайртай.   

Saturday, October 10, 2015

мартдаггүй юм...

одоо хэр нь би мартдаггүй юм
чамдаа үнсүүлж байсан тэр л хормыг
сэмхэн харцаар намайг ширтэж
чимээгүй гэгч нь үнсэж байсан
чинийхээ тэр л гэнэн хайрыг
одоо хэр нь би мартдаггүй юм
хөлчүү бүсгүй
хөл дээрээ тогтож ядан алхахад
хархүү та харин түүнийг
хулгайн үнсэлтээр шагнаж билээ
тэгснээ дараа нь өөрөө ичээд  л
тэр л төрхийг чинь
хэзээ ч би мартдаггүй юм