Sunday, October 11, 2015

Намар бид хоёр...

Намар үнэхээр сайхан улирал шүү. Хэн нэгэн хүнд хайрын захиа бичмээр ч юм шиг, хаа нэг газар шаргал навчсаар дүүрэн моддын дунд бодолд дарагдан суумаар ч юм шиг, хэзээ ирэх нь үл мэдэгдэх хэн нэгэн хүнийг санаж том том санаа алдмаар ч юм шиг. Магадгүй энэ бүхнийг хүмүүс намрын "синдром" гэдэг байх л даа. Намрыг би их удаан хүлээсэн. Яг л энэ мэдрэмжийг мэдрэх гэж. Гэхдээ намар надаас их хурдан явдаг. Ирэх жил хүртэл дахиад л хүлээнэ. Харин тэрнээс нь урьтаж тэр л сайхан мэдрэмжийг цээж дүүрэн амталхыг би хүснэ. Өмнөх жилүүдэд би намрын саруудад дэндүү их завгүй байсан болоод ч тэр үү хэрхэн өнгөрсөн, энэ сайхан мэдрэмжийг хэрхэн хүлээн авч байснаа тийм ч тод санахгүй л байна. Харин арван жилийн сурагч байхдаа л намрыг жинхэнэ өөрийн биеэр "мэдэрдэг" байснаа тодхон санана. 
Халиурсан  шаргал тал, моддын шаралсан навчны эхүүн үнэр, нарны илч бүлээн хэрнээ сэржигнэсэн салхитай өдөр.... Аргагүй энэ бүхэнд л намрын тэр сайхан бүхэн байдаг гэдэгт би итгэдэг. Хэн нэгнийг санаж, хэн нэгнийг мөрөөдөж, хайрын шүлэг тэрлэж суух одоо надад утгагаүй мэт санагдна. Учир нь надад санаад, үгүйлээд байх өөр хэн нэгэн одоохондоо алга. Би чинь жинэхэн утгаараа "эрх чөлөөт" бүсгүй шүү дээ. Намраас өөр дурласан, хайрлаж яваа "сайхан залуу" одоо надад алга даа.
Намрыг хүмүүс цаанаа л уйтгартай гэдэг. Харин би тэгэж бодохгүй байна. Ийм сайхан хурц шар өнгө, хацрыг минь зөөлөн илбэх хонгор салхи. Энэ бүхэн дэргэд минь яалтачгүй хэн нэгэн ирсэн гэдгийг хэлээд ч байх шиг. Энд би яагаад ганцаардаж, уйтгарлана гэж.
Гэртээ ганцаараа байгаа бол гадаа гарч "намар" найзтайгаа хамт зугаалж болно шүү дээ. Би яалтачгүй, яах ч аргагүй "намар"-д дэндүү их хайртай.   

No comments:

Post a Comment