Monday, July 2, 2012

эрэгцүүлэл

Би хотын унаган хүүхэд. Ах төрсөн цагаасаа эхлэн 22 жилийн турш энд амьдарч байна. Гэхдээ хөдөө явахыг маш их хүсдэг. Манай орны хөдөө тал зун цагт хичнээн үзэсгэлэнтэй. Би эх орныхоо уул ус, газар шороогоор бахархдаг. Үнэхээр сүрдэм өндөр уул нурууд, урсгал ширүүн гол мөрөн, ногоорон цэлийх хээр тал. Энд л уушги дүүрэн амьсгаа авч, сэтгэл тэнэгэр алхаж болдог юм. Хөдөө нутгаар явалгүй олон ч жил болж. Одоо нэг сайхан хөдөө очиж, майхан бариад, алтан шаргал нарны дор, өөрийн дураар хөлөө жийгээд, голын эрэг дээр хэвтэх юмсан. Хичнээн сайхан, магадгүй жинхэнэ аз жаргал, эрх чөлөө тэнд л байдаг байх. Хотод гэртээ хичнээн их өөрийн дураар байдаг ч машины утаа, дуу чимээ, хүмүүсийн хашгираан. энэ бүхэн миний толгойг дүүргэж, өөрийн эрхгүй бухимдлыг минь төрүүлдэг. Хүйтэн, чийгтэй дөрвөн хананы дунд, бүх л өдрийн турш суух дэндүү гунигтай. Цонхоор хархад өнөө л хөмсгөө зангидаж, биеэ эвхсэн хүмүүс, хаашаа ч юм яарна. Өнөөдөр энэ бүгдийг бид стресс гэж нэрлэдэг. энэ бүхнээс ангижирхын тулд би тэмдэглэлийн дэвтэртээ дөрвөн мөрт тэрлэж эхэлдэг. Нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн Эх орон шүлгийг уншхад үнэхээр тэр л сайхан хээр нутагт очсон мэт санагдаж, өөрийн эрхгүй сэтгэл минь догдолдог. өөрийнхөө бодол, мөрөөдөл дотроо аялан явхад цаг хугацаа дэндүү удаан мэт надад санагддаг. Мөрөөдөж чадаж байгаа хүний оюун ухаан хамгийн эрүүл байдаг. Заримдаа би шүлгээ бичиж, үзэг цаас нийлүүлэхгүй бол нэг л юм дутагдаад, амьсгал минь давчдаад байгаа юм шиг санагддаг. Одоо би ганц л юмыг хүсэж байна. Энэ бол монгол орныхоо өнцөг булан бүрд очиж үзэх. Надад Улаанбаатрын утаа бус эрүүл агаар хэрэгтэй.

No comments:

Post a Comment